Иргэний бүртгэлийн үйлчилгээтэй холбоотой түгээмэл асуулт хариулт

Асуулт: Хөдөө орон нутгаас нийслэлд шилжин ирэх хөдөлгөөнийг түр хязгаарласан. Хэдий хугацаанд үргэлжлэх вэ ? 

Хариулт: Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/17 тоот захирамжаар ”Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай болон Улаанбаатар хотод орон сууц худалдан авсанаас бусад хөдөө, орон нутгаас нийслэлд байнга оршин суухаар ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд түр зогсоох”-оор захирамжилсан. 

Асуулт: Хот дотор шилжилт хөдөлгөөн хийлгэхэд ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

Хариулт: Иргэний бүртгэлийн тухай хуулийн 26.3 дах хэсэгт заасны дагуу иргэний үнэмлэх, 16 нас хүрээгүй бол төрсний гэрчилгээ, гадаад улсад оршин суудаг Монгол  Улсын иргэн бол энгийн гадаад паспорт, хорих газраас суллагдсан хүн бол шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагаас олгосон магадлагаа, иргэний тухайн хувь хүн мөн болохыг гэрчлэх бусад баримт бичиг, батлан хамгаалах болон цагдаагийн байгууллагын алба хаагч бол томилогдсон тухай эрх бүхий байгууллагын шийдвэр, оршин сууж байсан нутаг дэвсгэрийн сум, дүүрэг, хорооны хүн амын бүртгэлээс хасуулсан тухай тодорхойлолт зэрэг баримт бичгийг үндэслэн иргэний шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэнэ. Мөн 2017 оны Нийслэлийн Засаг даргын А/17 тоот захирамжийг тогтоосон хугацаанд мөрдөж ажиллана.

 Асуулт: Шилжилт хөдөлгөөнөө хуулийн хугацаанд бүртгүүлээгүй бол зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулахаар заасан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу ?

Хариулт: Иргэний бүртгэлийн тухай хуулийн 26.4 дэх хэсэгт “Иргэн аливаа засаг захиргааны нэгжид 180 хоногоос дээш хугацаагаар оршин суухдаа 10 хоногийн дотор холбогдох сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтанд тэмдэглүүлнэ” гэж заасан. Зөрчлийн тухай хуулиар иргэн шилжилт хөдөлгөөний мэдээллээ 10 хоногийн дотор холбогдох сум, хорооны улсын бүртгэгчид бүртгүүлээгүй тохиолдолд иргэнийг хорин нэгж буюу 20 мянган төгрөгөөр торгоно. 

Асуулт: ТҮЦ машинаас иргэний бүртгэлийн ямар үйлчилгээг авах боломжтой вэ ?

Хариулт: “Төрийн үйлчилгээний цахим” машинаас иргэний бүртгэлийн талаар төрсний, гэрлэсэн эсэх, гэрлэсний, гэрлэлт цуцлуулсны, иргэний үнэмлэхийн, оршин суух хаягийн бүртгэлийн лавлагааг авч болно. 

Асуулт: Иргэний үнэмлэхээ хаясан бол хэдэн төгрөгийн торгуультай вэ, мөн шинээр авах болон сунгуулахад хэдэн төгрөг төлөх вэ, ТҮЦ машинаас иргэний үнэмлэхээ захиалж болох уу ? 

Хариулт: Иргэний цахим үнэмлэх шинээр олгох, Иргэний цахим үнэмлэхийг 25, 45 настай иргэнд сольж олгоход 18300 төгрөг төлдөг. Иргэний цахим үнэмлэхийг алдаж үрэгдүүлсэн, гээгдүүлсэн,  ашиглах боломжгүй, хүчингүй болгосон тохиолдолд дахин олгоход Захиргааны хариуцлагын тухай хуульд заасны дагуу 40000 хүртэл төгрөгийн торгууль оногдуулна. Торгуулийг зөрчлийн шинж байдлаас шалтгаалж хяналтын улсын байцаагч тавьдаг. ТҮЦ машинаас иргэний үнэмлэх захиалах үйлчилгээ байхгүй. 

Асуулт: Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд иргэний бүртгэлтэй холбоотой ямар ямар үйлчилгээг үзүүлж байгаа вэ ? 

Хариулт: Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд Иргэний бүртгэлийн чиглэлээр Монгол Улсын иргэний  төрсний, гэрлэсний, гэрлэлт цуцлуулсны, гэрлэлт сэргээсний, эцэг тогтоосны, нас барсны, иргэний үнэмлэхийн, гадаадад зорчих эрхийн, биеийн давхцахгүй өгөгдлийн /гарын хурууны хээ/ бүртгэл хийгдэж байна.

 

 

 

Видео мэдээ

ХАРИЛЦАХ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар 14171 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Цагдаагийн гудамж
Ажлын цаг : Даваа - Баасан гариг, 8.30 - 17.30 цаг
Бямба, Ням амарна.
Утас : 1800-1890, 320502 /энгийн утасны тарифаар/
И-мэйл хаяг : contact@burtgel.gov.mn
Вэб сайт : http://burtgel.gov.mn

Хайлт