Та түр хүлээ, гадаад паспортаа яаралгүй захиал !!!

Сүүлийн үед гаднын оронд аялах иргэдийн тоо эрс нэмэгдэгдэж, гадаад паспортын захиалга ч эрэлтээ даган өсч байна. Үүнийг дагаад бидний хэлж заншсанаар 100 айлын Улсын бүртгэлийн газарт уртаас урт дараалал үүсэж, ачааллаа дийлэхгүйд хүрсэн тухай бид өмнөх сурвалжлагаараа хүргэж байсан. Тэгвэл энэ асуудал хэдхэн хоногийн өмнө шийдэгдэв. 

Тодруулбал, дөрөвдүгээр сарын 9-нөөс 100 айлд байрлах Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын (ОӨУБЕГ) үйлчилгээний нэгдсэн байранд гадаад паспортын үйлчилгээ үзүүлдэггүй болсон. Тодруулбал, гадаад паспортаа та төвийн зургаан дүүрэг, “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, 7-н буудлын “Оргил” худалдааны төвд байрлах нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийн Улсын бүртгэлийн хэлтэст харьяалал харгалзалгүй захиалж, захиалсан газраасаа паспортаа авах боломжтой болсон. Энэ ажлын явц ямар байгааг сурвалжиллаа.

 ГАДААД ПАСПОРТЫН БЭЛДЦИЙН НӨӨЦ ХАНГАЛТТАЙ БАЙГАА

ОӨУБЕГ-ын Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэгээс гадаад паспортын үйлчилгээнд өрнөж байгаа үйл явдлын талаар тодрууллаа.

-100 айл дахь үйлчилгээний газарт гадаад паспортын үйлчилгээг үзүүлэхээ больсон. Ингэснээр тус төвийн ачаалал буурсан уу? Мөн тус төвд одоо ямар үйлчилгээ үзүүлж байна вэ? 

-Одоо Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны үйлчилгээний I байранд 21 аймгийн улсын бүртгэлийн хэлтэс, алслагдсан гурван дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс, хилийн чанадад Монгол Улсыг төлөөлөн ажиллаж байгаа дипломат төлөөлөгчийн 46 газраас ирж байгаа гадаад паспортын захиалгын бүртгэлийг хийнэ. Гадаад паспортын үйлчилгээг I байранд үзүүлэхээ больсноор тус байрын ачаалал 70-80 хувь буурсан.

-Жилд хэдэн гадаад паспорт хэвлэгддэг вэ. Үүний хэдэн хувь нь яаралтайгаар захиалж байна вэ?

-2017 онд 340 мянга гаруй гадаад паспорт шинээр олгосон байдаг. Үүний 76 хувь нь яаралтай үйлчилгээ буюу ажлын гурван өдөр гадаад паспортаа авах үйлчилгээ сонгосон байна. Үлдсэн 24 хувь нь ажлын 10 хоногт гадаад паспортаа авах үйлчилгээг сонгосон. Нэг өдөрт 1400 хүн гадаад паспот захиалдаг байсан бол одоо зургаан дүүрэг, нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвд гадаад паспортын үйлчилгээ шилжсэнээр нэг өдөр захиалах гадаад паспортын тоо нэмэгдсэн. 

-Зуны улиралд захиалга хэдэн хувиар өсдөг вэ?

-Улсын хэмжээнд ердийн үед өдөрт 1400 хүн гадаад паспорт захиалдаг. Дулаараад ирэхээр, оюутан, сурагчид амрах захиалга бараг хоёр дахин өсдөг. Зургаа, долоо, наймдугаар сард өдөрт дунджаар 2000 хүн гадаад паспорт захиалдаг.

-Хоёр жилийн өмнө гадаад паспорт хэвлэх бэлдцийн нөөц дуусч нэлээд шуугиан болсон. Энэ асуудал давтагдах уу. Гадаад паспорт хэвлэх нөөц хангалттай байгаа юу?

-2018 оны төсөвт гадаад паспортын бэлдэц худалдаж авах санхүүжилт тавигдсан. Энэ хүрээнд гадаад паспортын бэлдцийн нөөц хангалттай байгаа. Хоёр жилийн өмнө гадаад паспортын бэлдэц дууссан нь 2015 онд гадаад паспортын захиалга 30 хувиар өссөнтэй холбоотой. Ингэж өссөн нь ОХУ-руу зорчиход визгүй болж, иргэд Улаан-Үд, Итгэлт хамбыг зорих болсонтой холбоотой юм.

-Гадаад паспортын сунгалтын үйлчилгээг халж, зөвхөн шинээр олгож байгаа. Үүнээс хойш ажлын ачаалал, эдийн засагт ямар нэгэн өөрчлөлт орсон уу?

-Олон улсын стандартыг даган гадаад паспортын сунгалтын үйлчилгээг зогсоосон юм. Олон улсын иргэний агаарын байгууллага гадаад паспортын сунгалтын үйлчилгээг зогсоохыг гишүүн орнууддаа 2004 оноос уриалсан байдаг. Энэ уриалгын хүрээнд Монгол Улсын Засгийн газар 2010 онд хөтөлбөр баталсан. Хөтөлбөрт 2015 оноос машин уншдаггүй паспортыг эргэлтээс гаргахаар тусгасан. Энэ хүрээнд 2018 оны нэгдүгээр сараас эхлэн гадаад паспортын сунгалтыг албан ёсоор зогсоосон. Үүнээс өмнө хилээр нэвтрэхэд паспортын сунгасан хэсгийг тусгай машинаар уншиж болдоггүй байсан. Мөн өмнө нь жилд 100 орчим иргэн гадаад паспортаа сунгуулдаг байсан. Тиймээс ийм хэмжээний иргэн гадаад паспорт авна гэсэн үг.

Гадаад паспортын үйлчилгээ үзүүлэх 10 газарт иргэд харьяалал харгалзахгүй үйлчлүүлж байгаа. Төлөөлөл болгон Чингэлтэй дүүрэг дэх Улсын бүртгэлийн газар очив. Тус дүүргийн нэг цонхны үйлчилгээ олны хөлд дарагдаж байлаа. Энэ цэгийн нэг цонхонд гадаад паспорт олгох бүртгэл үзүүлж байгаа бол өөр нэг цонхонд гадаад паспорт олгож байв. Энэ үеэр улсын бүртгэгчээс зарим зүйлийг тодрууллаа. Гадаад паспортын бүртгэлийн энгийн үйлчилгээ 32500 төгрөг, яаралтай нь 42500 төгрөг. Иргэдийн 80 хувь нь яаралтай үйлчилгээг сонгож байна гэлээ. 

ТАВДУГААР САРЫН 15-НААС ГАДААД ПАСПОРТЫН ЗАХИАЛГА НЭМЭГДДЭГ

Гадаадад зорчих эрхийн бүртгэлийн улсын бүртгэгч Б.Золзаяа

-Одоогоор хэдэн хүнд үйлчлээд байна вэ?

-Даваа гаригаас эхэлж дүүрэг дээр гадаад паспортын захиалга авах болсон. Одоогоор 530 хүнд үйлчилсэн. Үүнээс 80 хувь нь яаралтайгаар захиалсан.

-Иргэд гадаад паспортын үйлчилгээ авахдаа ихэвчлэн ямар алдаа гаргаж байна вэ?

-Гадаадад амьдарч байгаа монголчууд Монголоос гадаад паспорт захиалуулахаар ар гэрийнхэндээ хандаж байна. Энэ тохиолдолд консулын газраар дамжуулан итгэмжлэл авч ирэх ёстой. Гэтэл итгэмжлэлгүйгээр шууд ирээд байна. Гадаад харилцааны яамаар дамжуулан итгэмжлэл заавал авсан байх ёстой юм. Мөн хүүхдийн материалыг дутуу бүрдүүлж байна. Хүүхдийн материал бүрдүүлэхдээ хүүхдийнхээ төрсний гэрчилгээ, өөрийн иргэний үнэмлэхийг хувилан, хүүхдийнхээ 3x4 хэмжээний зурагтай ирэх хэрэгтэй байна.

-Харьяалал харгалзалгүй үйлчилж байгаа болохоор нийслэлийн төв хэсэгт байрлах танай төвд ачаалал бусдаас илүү байгаа байх. Аль өдөр ачаалал их байна. Цаашид хоёроос илүү цонхонд энэ төрлийн үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй юү?

-Долоо хоногийн эхний хоёр өдөр ачаалал их байсан. Цаашид ачаалал улам нэмэгдэх шинжтэй байна. Аялал жуулчлал эхлэхтэй холбоотойгоор тавдугаар сарын 15-наас гадаад паспортын захиалга нэмэгддэг. Манайх гадаад паспортын үйлчилгээг 08.30-17.30 цагт үйлчилж байгаа ч ачаалал улам нэмэгдэх байх. Тэр үед хоёр цонхонд тогтмол үйлчилгээ үзүүлэхээс гадна нэг гэрээт ажилтантай болно.

10 МИНУТ Л ХҮЛЭЭЖ БАЙНА

Үйлчлүүлэгчийн сэтгэгдлийг сонсов. Иргэн Л.Гантуяа “Гадаад паспорт захиалах гэж 100 айлд олон удаа очиж байсан. Паспортоо захиалж чадалгүй олон удаа буцсан. Их урт дараалал үүссэн байдаг тул гадаад паспортын үйлчилгээ авахын тулд заавал нэг өдөр, заримдаа хоёр өдөр зарцуулдаг байсан. Энд ирэхэд миний өмнө нэг л үйлчлүүлэгч байсан. Ирснээсээ хойш 10 минутын дараа л үйлчлүүлсэн. Паспортаа яаралтайгаар захиалчлаа. Гурав хоногийн дараа ирж авна. Дүүргүүд дээр паспортын үйлчилгээ үзүүлж байгаа нь тун зөв алхам болж. Иргэдийн цагийг хэмнэж байна” гэв 

Харин паспорт олгох цонхонд хүүхдээ тэвэрсэн эмэгтэй үйлчлүүлж байв. Тэрбээр үйлчилгээ авах зуураа “Түргэлэхгүй бол хоцрох нь ээ. Амждаг л байгаа даа” хэмээн хамт явсан хүнтэйгээ ярилцаж байлаа. Харин хамт яваа залуу нь дүүртэл нь ямар нэгэн зүйл чихсэн олон том цүнх үүрч, чемодан чирсэн байв.

Монголчууд ямар ч зүйлийг цагийг нь тулгаж хийдэг. Гадаад паспорт дээр ч энэ зүйл ажиглагдана. Тодруулбал, гадаад паспорт захиалахдаа 76 хувь нь яаралтайгаар буюу ажлын гурав хоногт хэвлэгдэх үйлчилгээг сонгодог гэнэ. Харин бусад оронд энэ тоо эсрэгээрээ байдаг. АНУ-д өнгөрсөн онд 19.6 сая иргэн гадаад паспорт захиалсны таван хувь нь яаралтай үйлчилгээг сонгожээ. Мөн гадаад паспортыг яаралгүй захиалахад Монголд ажлын 14 хоногт бэлэн болдог. Харин АНУ-д 4-6 долоо хоногийн дараа захиалагчийн гарт хүрдэг. Учир нь, гадаад паспорт нь гаднын оронд очиход тухайн орны иргэн мөн гэдгийг батлах чухал баримт тул алдаагүй байх ёстой. Энэ утгаараа гадаад паспортын захиалгыг олон шат дамжлагаар хянаж, төдий хэмжээний хугацаа зарцуулдаг юм байна. Монгол Улсад гадаад паспорт 72 цагийн дотор иргэний гарт очихдоо долоон шат дамждаг гэж мэргэжилтэн хэлж байлаа. Нэг ажилтан өдөрт 80-100  хүний захиалга авдаг аж. Түүний дараа хэд хэдэн ажилтанд ирүүлсэн захиалгыг нэг мэргэжилтэн хянадаг юм байна. Дамжлага бүр өөрийн гэсэн хугацаа, технологитой байдаг гэж мэргэжилтэн онцлов. Мөн яаралтайгаар орж ирсэн захиалга нь ажилтны ачааллыг нэмэгдүүлдгийг ч дурдав. Хэдийгээр гадаад паспортын захиалгатай холбоотой ноцтой зөрчил илрээгүй ч паспортаас шалтгаалсан элдэв зөрчилгүйгээр тухтай аялж, ажлаа бүтээхийг хүсвэл ажлаа эртнээс төлөвлөн яаралгүйгээр паспортаа захиалах нь иргэн танд ч, ажилтанд ч тустай юм.

NEWS.MN 

ХАРИЛЦАХ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар 14171 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Цагдаагийн гудамж
Ажлын цаг : Даваа - Баасан гариг, 8.30 - 17.30 цаг
Бямба, Ням амарна.
Утас : 1800-1890, 320502 /энгийн утасны тарифаар/
И-мэйл хаяг : contact@burtgel.gov.mn
Вэб сайт : http://burtgel.gov.mn

Хайлт